Tuesday, August 18, 2009
Утсан дээгүүр явагч ( өгүүллэг )
Хоёр модон шонг холбосон нарийхан олс... түүн дээгүүр гараа алдлан тэнцвэрээ олж анхааралтай, болгоомжтой алхах нэгэн эр... энэ бүхнийг харахаар цугласан цөөхөн хэдэн хүмүүс...
...бас нэг даавуун уут барьж цугласан олныг тойрон мөнгө цуглуулах бяцхан охин... мөнгө авахаар охин ойртож ирэх үед холдон алга болох, байнга болж байдаг энгийн зүйл харж байгаа юм шиг тоомжиргүй харцтай ихэмсэг хүмүүс ...
Нөгөө эр олсон дээгүүр алхсаар захад нь хүрнэ... Хэдхэн хүний алга ташилт ...
Энэ бол аав охин хоёрын өдөр тутмын амьдралын дүр зураг...
Энэ сэрүүхэн бүүдгэр өглөө дээрх дүр зураг бас л давтагдана. Аавыгаа бууж ирэхэд охин тосож очоод ууттай мөнгөө өгсөнд аав нь амсрыг нээн харснаа санаа алдаж "Охин миний хоёулаа жоохон юм олж идье" гээд охиноо аваад явлаа.
Охин аавыгаа ажигласаар... аавынх нь сэтгэл санаа таагүй байгааг тэр анзаарчээ. Тэгээд ааваасаа "Ааваа та яав аа... ямар нэгэн юм болоо юу?" гэж асуухад аав нь охиноо өхөөрдөн толгойг нь илээд "үгүй дээ охин минь. Миний охин санаа бүү зов" гэж хэлээд тэд гэр лүүгээ явцгаав.
* * *
Маргааш өглөөний мандах нартай зэрэгцэн бяцхан охин "...хүмүүсээ ...анхаарлаа хандуулаарай... өнөөдөр утсан дээгүүр явагч маань өөрийнхөө явдаг олсыг 3 алдаар өндөрсгөлөө... энэ бол газраас 13 алд өндөр гэсэн үг... та бүхэн ийм зүйл харах анхных нь хүмүүс байх болно..."гэж сэргэлэн цовоо хоолойгоор хашхирна...
Хүмүүс урьдынхаасаа хамаагүй их цуглалаа. Харин охин огт баярлахгүй байлаа. Охин хувьд аав нь тэр дээрээс амьд бууж ирэх тэр мөч бүхэн хамгийн аз жаргалтай... тэр болтол хязгааргүй айдас бүхий хүлээлт... энэ хүлээлтийг тэр бараг ухаан орсон үеэсээ мэдэрсэн боловч хэзээ дасаж чадаагүй.
Аав нь аймшигтай үзүүлбэр хийх бүрд хүмүүс улам ихээр цуглаж, сонирхох бөгөөд харин охины хувьд улам ихээр айдаст автдаг байлаа... охины айдсыг хүмүүс худалдаж авдаг юм шиг... эсхүл аавынх нь үхэлтэй ойрхон болох тэр аймшигт мөч бүхнийг ч юм уу...
Аав нь алгуурхан явж эхэллээ... хүмүүс ямар ч шуугиангүй чив чимээгүй... аав нь алхсаар...охины хувьд маш удаан айдаст хормууд... анхааралтай харах хүмүүс юу хүлээдэг бол...тэд өөрсдөдөө ямар мэдрэмжийг худалдаж авч байгаа бол... энэ бол охины хувьд одоог хүртэл асуулт хэвээрээ... магадгүй тэр хариултыг нь олохгүй биз...
Эцэст нь баярт мөч... аав нь бууж ирэв... алга ташилт...
Аав нь охиныхоо авчирсан даавуун уутны амсрыг нээн харснаа баярлан "бид хоёр 7 хоног идэх юмтай боллоо шүү дээ охин минь" гэж хэлээд охиноо тэврэн үнслээ.
* * *
Удалгүй хүмүүсийн хувьд тэр өндөр дээр уясан утсан дээр явах тийм сонин асуудал биш болов... бас л хагас хоолтой өдөр хоногууд...
Охины аав нэгэн шөнө унтсангүй нэг зүйл бодсоор үүр цайлгалаа. Охин өглөө ааваасаа "Ааваа та юу бодоо вэ? бас олсоо өндөрсгөх гээд байна уу? одоо тэгвэл аюултай шүү дээ. ааваа ...би айгаад байна та надад юу сэдээд байгаагаа хэлчих л дээ." гэж асуухад нь аав нь хажуудаа овоолсон цааснуудаа охиндоо өгөөд миний охин энэ цааснуудыг хүн их цугладаг газруудаар наагаад ир гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Охин уншиж чадахгүй учир түүн дээр юу бичсэнийг мэдэж чадсангүй. Тэгээд үргэлж л аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг зангаараа дурамжхан босоод цааснуудыг аваад явлаа. Охин аавынхаа хэлснээр аль болох хүн их цугладаг газруудаар цааснуудаа нааж дуусаад буцаж ирэхэд аав нь өглөө явахад нь сууж байсан яг тэр газраа огтхон ч хөдлөөгүй сууж байв.
Охиныхоо ирэхийг харсан эр "Миний охин одоо унтаж амар. Маргааш өглөө эрт босно." гэж хэлэхэд охин толгой дохин жижиг модон байшиндаа орж хэвтлээ. Охинд яагаад ч юм нэг л аймшигтай санагдаад байв. Тэр аавынхаа ийм байхыг хэзээ ч хараагүй. Аав нь өдөр болгон утсан дээгүүр явдаг ч хэзээ ч ингэж сандарч байгаагүй ажээ.
* * *
Өглөө боллоо. Аав нь охиноо дагуулан нөгөө л талбай дээрээ ирэхэд хэзээ ч цуглаж байгаагүй маш их хүн цуглажээ. Охин уулга алдаж... ямар их хүн цуглаа вэ? хоёулаа ч ямар ч байсан бүтэн жил идэх хоолтой болсон байхаа гэж хэлэхэд аав нь "Миний охин одоо мөнгөө цуглуул... мөнгөө гамтай хэрэглээрэй..." гэж хэлээд духан дээр нь үнсээд яваад өглөө. Охин ч юм бодсонгүй мөнгөө цуглуулахаар яаран хүмүүсийн зүг гүйлээ.
Охин мөнгөө цуглуулж бараг л дуусах дөхөж байлаа... аав нь өглөө гарахдаа 4 даавуун уут авсанд гайхаад байсан чинь дөрвүүлээ мөнгөөр дүүрчээ... охин их баяртай байлаа. Тэгээд дээшээ аав руугаа хартал аав нь охиныхоо мөнгөө цуглуулж дууссаныг хараад халааснаасаа нэгэн хар даавуу гаргаж ирээд нүдээ боолоо... охин ааваа хэрэггүй гэж хашхиран гүйв... аав нь аль хэдийн яваад эхэлсэн байлаа.
Хүмүүс чив чимээгүй... охин бас аавынхаа анхаарлыг сарниулахгүйн тулд чимээгүй ажиглан зогслоо... аав нь утасны бараг л голд нь ирэхэд нэгэн хүүхдийн уйлах чимээ гарч аав нь тэнцвэрээ алдав
...эцэс төгсгөлггүй хүмүүсийн хашхираан дундаас охины орилох үл сонсогдоно.
... цугласан хүмүүс үүнийг л хүлээж байсан мэт хоромхон зуур алга болжээ... Охин дээш харан хэвтэх аавынхаа хажууд уйлсаар... Охиноос өөр хэн ч уйлахгүй яагаад гэвэл тэд мөнгөө төлчихсөн шүү дээ...
Энэ удаа аав нь охиныхоо авч ирсэн даавуун уутны амсрыг нээн харж чадсангүй...
Хоосорсон талбайн дунд хийсэх цаас ... энэ цаасан дээр охины аавын бичсэн "Хүмүүсээ би та бүхний өмнө нүдээ боож утсан дээгүүр явах болно. Магадгүй та бүхэн миний үхлийг гэрч болох байх..." гэсэн бичээс байлаа...
Бороо орлоо. Тэнгэр газрын завсарт өчүүхэн нарийхан орон зайгаар алхдаг байсан тэр нэгэн хүнийг үгүйлсэн ч юм уу?
* * *
Хэдэн сарын дараа..."Ердөө 13 настай охин утсан дээгүүр явах үзүүлбэрийг та бүхэн сонирхоорой" гэсэн чангаар хашхирах чимээ хотын гудамжийг сэрээлээ...
Магадгүй хүмүүс их цуглах биз ээ...
Амьдралын төлөө тэмүүлж буй бүгдэд зориулав...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment