Wednesday, May 20, 2015

GG нь байна оо 2

За тэгэхээр GG нь байна оо тэмдэглэлээ бичсэнээс даруй 3н жил өнгөрсөн хэдий ч ганц ч тэмдэглэл дахиж бичилгүй би бээр их сургуулиа төгсөөд худлаа үнэн инжинер гэсэн нэр зүүчээд одоо , магистртаа Токиогийн теxнологийн Институт(Tokyo Institute of Technology)гэдэг сургуульд суралцаж байнаа. Одоо бодоход Иx сургуулийн 4н жилийг арай илүү үр бүтээлтэй өнгөрөөдөг байж гэж харамсаж байгаа ч гэсэн, хүн болгон л төгсөх дөхөхөөр бодогддог бодлуудын нэг болуу гэж бодно. Хөдөө гээд анх очоод байж байхдаа хурдхан л төгсөөд, тэндээсээ явахын түүс байсан хүн яг 4р курсдээ сүүлийнхээ жил бол дасаад, дуртай болчихсон явна гэхээс нэг л эвгүй санагдаад бүх л юм сайхан санагдаад эхэлсэн дээ. За тэгээд төгсөөд яах вэ? гэдэг айдас бас нилээн бэрх даваа байсан шүү. Ажилд ороё гэхээр өөрөө өөртөө суга санагдаад, нэг л чиг баримжаа байхгүй яахаа мэдэхгүй. Юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй... Өдийг хүртэл нэг л чин сэтгэлээсээ хүссэн юм байхгүй, урсгалаа дагаад л,осолдохгүй шалгалт энээ тэрт бэлдэсхийгээ л тэгэсхийгээд яваад ирсний гай юу л гэлтэй. Тэгээд яахав сугаа мэдэрсэн хүн үргэлжлүүлж сурахаар шийдээд шинэ сургуульд орлоо. Бүх юм тэс өөр, шинэ орчин... Ер нь ажаад байхад аль ч хүн цөөтэй газар хүн арай л уужуу тайван амгалан байдаг юм шигээ. Өмнө нь байсан хөдөө газар бол ерөнхийдээ их сургуулийн оюутнууд тэгээд ихэвчлэн өндөр настай хүмүүс олон бөгөөд бүгд их эелдэг байждээ гэж санагдав. Их сургуулийн багш нар хүртэл, оюутнууд ч гэсэн ер нь сайхан зантай, уужуу хүмүүс олон байж. Харин одоо Токио гэдэг их хотод ер нь инээмсэглэж яваа хүнтэй таарах нь ховор. Их сургуулийн хувьд ч гэсэн бүгд ажил, судалгаандаа дарагдаад идэхдээ унтахдаа бүх л үедээ судалгаанийхаа ажлаа бодож яриж байгаа нь нэг бодлын тэгж байж амжилтанд хүрдэг байх гэж бодогдох ч нөгөө бодлын арай л дэндүү туйлширсан гэмээр ч харагдах... Ямар сайндаа л лабортоо суухаар бөөн стресс санагдаад ингэж гарч ирээд блог бичээд сууж байхав.. За тэгээд 4 жил тэтгэлэг авч сурангаа давхар цагын ажил хийдэг байсан ч мөнгө бол хадгалсангүй ээ... Бас нэг харамсал хэхэ... Мөнгө бол ер нь их бага хамаагүй хүн ( би ) байгаараа л зарцуулдаг эд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Илүү бол гарахгүй, гаргахгүй эд юм байна лээ. Одоо бол тэтгэлэггүй ч гэсэн цагын ажил хийгээд, өдрийн хоолоо савлаж авч явах, илүү дутуу чихэр жимсэнд огт үрэхгүй гэх мэт хэмнэлттэйгээр амьдраад болоод л байна. Гол нь судалгаа хийж эхлэхэд их цаг зарцуулдаг тул цагын ажил хийх цаг зай байхнуу гэдэг л асуудал болох байх... Гэхдээ тэгээд болно доо гээд л байж байдаг нь Монгол хүний зан юм болов уу даа. За тэгээд ангийн андууд одоо бүгд төгсөөд ажилд ороод, гэр бүлтэй болох нь болоод бүгд том хүн болсон байхаа. Хаана, юу хийж явааг мэдэхгүй ч энийг уншсан нь ганц хэдэн үг шидэлцэж, хоорондоо холбоотой байвал олон хүн баярлах бизээ...